January 30, 2009

Орчуулга :)

Дэлхий даяараа нэг хэлтэй байдаггүйн харгайгаар хөгжил дэвшил хүртэл удаан явагддаг тал бий. Ялангуяа онолын ойлголтууд, нэр томьёонуудыг орчуулах гэж нэг айхтар асуудал байдаг бололтой. Би энд Rent Seeking /Ашиг хонжоо хайх гэж орчуулав/ гэдэг зүйлийн талаар өгүүлсү.
Эдийн засгийн онолд, тэр дундаа микро эдийн засгийн онолд Монополийн тухай олон загваруудыг тусгаж өгдөг. Эдгээр загваруудын нэг нь үнийн ялгаварлал юм. Монополь пүүс ялгаатай хэрэглэгчдэд ялгаатай үнүүдийг санал болгохыг үнийн ялгаварлал гэж хэлдэг.
Үнийн ялгаварлалыг /price discrimination/ төгс болон төгс бус үнийн ялгаварлал гэж хоёр ангилдаг.
Монополь пүүс үнийн ялгаварлал явуулсанаар хэрэглэгчийн хожоог үйлдвэрлэгчийн хожоо болгож хувиргадаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж өөрийн ноёрхлыг ашиглан тэдний хүртэх боломжтой байсан таатай байдлыг өөрийн болгодог гэсэн үг. Уг үйл явцыг Rent Seeking гэж нэрлэдэг. Шинэ сонгодог онолын үүднээс энэ талаар товчхондоо ийм тайлбар өгдөг.
Харин институцийн онолын үүднээс үүнийг тайлбарлахад нилээд ойлгомжтой дүр төрх гарч илдэг. Манай орны жишээн дээр албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хээл хахууль авах боломж өндөртэй байдаг төрийн алба бол үүний нэг жишээ.
Төрийн албан хаагч болж, өөрийн эрх мэдлээ ашиглан хээл хахууль авч байгаа нь тэр хахуулийн мөнгийг өөр хэн нэгэн өөрт ашигтай зүйлд зарцуулах байсан боловч түүний тэрхүү мөнгийг тухайн төрийн албан хаагч албан тушаалаа ашиглан булааж авах явдал нь төрийн алба руу улайран зүтгэх хүмүүсийн Rent seeking-г харуулж байна.
Институцын үүднээс үүний шалтгааныг тайлбарлавал засаглалын алдаа, гэрээний бүрэн бус байдал, институцийн буруу тогтолцоо гэж тайлбарладаг.


Цааш унших...

January 22, 2009

Эрх чөлөөний нэгэн эргэцүүлэл...

Яг одоо үүнийг анхааралтай уншиж буй танд зориуллаа. Эргэцүүлж үзээрэй гэж хүсье.
Эрх чөлөө гэдэг нэрийг бодвол дураараа байх, чөлөөтэй байх, эрх эдлэхийн нэр баймаар санагддаг юм. Гэхдээ эрх чөлөөтэй байна гэдэг нь эрх чөлөөгүй байхын нэр гэж Сократ хэлсэн нь юутай үнэн юм бэ.
Жишээлбэл санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд хүмүүс бусдын хүртэж болох боломжуудыг өөрийн болгож эхэлдэг. Энэ талаар өмнө нь ёс зүйн гажуудал дээр дураж байсан. Хахуульд өртөж байгаа хүн гэдэг бол тэр мөнгийг өөр хэн нэгэн хүртэх байсныг булааж авч байгаа хүнийг хэлж байгаа юм. Үүнийг нэрлэдэг эдийн засгийн мэргэжлийн хэллэг ч байдаг.
Өөр зөндөө эрх чөлөө бий. Эдгээрийг ярих бүрт заавал хариуцлага гэдэг зүйл дагалдаад гараад ирнэ. Гэхдээ алийг нь түрүүнд нь тавиж байгаагаас шалтгаалаад шударга байдал гэдэг зүйл бас гараад ирнэ. Хариуцлагадаа уялдуулан эрх чөлөөг бий болгодог бол тэр шударга байдал гэж би боддог. Харин хариуцлагыг үл ойшоон эрх чөлөөг эдлэх нь шударга бус байдал. Ингээд бодохоор надаас эхлээд бүх л хүн шударга биш болно.
Дэлхий дээр эрх чөлөө, хариуцлагыг хэн ямар хэмжээгээр илүүд үзэж байна тэр хүнийг сайн, муу, үнэнч, хуурамч гэж ангилаад, үүнээс шалтгаалуулаад албан тушаал оноодог байсан бол хүн бүр шударга, хариуцлагатай байх биз. Гэтэл хүнийг зөвхөн эдгээрээр үнэлэх боломжгүй зүйл.
Би эрх чөлөөтэй байна гэдэг нь өөрт байгаа боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахын нэр биш. Харин өөрт байгаа эрх чөлөөгөөр бусдын эрх чөлөөнд заналхийлэхгүй байж чадвал би эрх чөлөөгөө хамгийн ихээр эдлэж байгаагийн нэр юм.
Тэгвэл хүн бүр ийм байж чаддаг уу гэсэн асуулт гарч ирнэ. Эрх чөлөөтэй байна гэдэг нь боломжтой байна гэдгийн бас нэг өөр нэр. Боломжоо ашиглаж чадаагүй яаваа нь тухайн хүний буруу юу? Мэдээж бүх нөхцөл нь бүрдсэн бол тэр хүн боломжоо ашиглаагүй нь түүний буруу. Харин би тэр хүний эрх чөлөөг хүндэтгэн түүнд боломж олгосон ч түүнийг сонголт хийхэд өөр хэн нэгэн заавал нөлөөлж байдаг ба үүнээсээ шалтгаалаад эргээд л нөгөө хүн боломжоо эдлэхгүй байх магадлал маш өндөр байдаг.
Эндээс харахад хэн их эрх чөлөөтэй байгаа нь боломжийг булааж хэрэглэх бус, харин боломжийг түрүүлж хэрэглэж байгаагийн нэр юм биш үү? Энд мэдээж шударга л хандсан байх ёстой.
Ингээд яривал дараа шударга гэдэг зүйлийн талаар дахиад өгүүлэх хэрэг гарна биз... Хэдхэн үгийг хэт давтсан нийтлэл болсон ч нэг зүйлийн талаар эргэцүүлэхийн тулд ийнхүү бичлээ.


Цааш унших...

January 13, 2009

Засгийн газар буюу Төрийн мөн чанар...

Та бүхэнд Монгол улсын үндсэн хууль батлагдсан өдрийн мэндийг хүргэе.
Төр, иргэний нийгэм, ардчилал гэхээр миний толгой эргээд байдаг юм. Гэхдээ энд хүмүүсийн нийтээрээ мэддэг ч тэр бүр хэлдэггүй нэг жижиг зүйлийг ярих бодолтой байна.
Төр яагаад үүсч бий болсон бэ? Дорж, Бат 2 нийлээд төр байгуулж чадах уу? Чадахгүй. Тэд сайндаа л бизнес эрхэлнэ. Тэгвэл яагаад төр үүссэн юм бол? Ямар боломж бий болов? Төрийг атгаг санаатай хүмүүс бий болгов уу, сайн санаатан бий болгов уу? Та бодоод үз дээ?
Би жаахан мөнгөний талаас нь статус үүсгэх гээд үзье л дээ. Эдийн засагт бол төр, ард түмнээс мөнгө авч амьдардаг паразит. Яг л хоол боловсруулах эрхтэнд байдаг шимэгч хорхой гэсэн үг.
Тэр таны хоолыг л хурдан задалж, хурдан боловсруулахад туслах үүрэгтэй. Төр ч мөн адил таны ажил хэрэгт аль болох таатай нөхцөл үүсгэх, ингэхдээ бусдын эрх ашгийг бас эн тэнцүү харах гэсэн зарчим үйлчилж байх ёстой гэж би боддог.
Бид нар Төрийн Сан гэж нэг айхтар том сан байдгийг мэднэ дээ. Ээ хөөрхий төрийн минь сүлд өршөөг гэдэг шиг Төрийн Сан минь аварч хайрла гэдэг үе хаяанд ирчихээд байна. За эцэг эх нь төрөөс цалингаа авдаг оюутнууд бол бүр ч төрийн сан гэдэг юмыг тахин шүтэхээс аргагүй, түүнийг тараадаг эрх мэдэлтнүүдийг хамаатан садан шигээ үзэхээс өөр аргагүй байдалд бүр л их хүргэж байна.
Саяхан манай сэхээтэн, олонд танигдсан эдийн засагчдын нэг МХАҮТ-ийн Дэмбэрэл гуай ярихдаа шинээр танхим барьж өгсөн засгийн газартаа баярлалаа ухааны юм ярилаа ш дээ. Ээ боль л доо. Бидний мөнгө шүү дээ энэ чинь. Бидний л халааснаас бүгд гардаг шүү дээ энэ бүгд чинь.
Бид дэлгүүрт ороод ширхэг будаа авахдаа хүртэл Нэмүү Өртгийн Албан татвар талдаг хүмүүс. Бид хөдлөхдөө хөлс гаргадаг. Тэр гаргасан хөлсний маш бага хувийг ч гэсэн төр хүртэж л байдаг. Ийм шулаач төр байгаад хэрэг байна уу даа?
Бид анзаардаггүй болохоос бидний худалдан авч байгаа бүтээгдэхүүний үнэнд бүх төрлийн татварууд буюу төрийн халдвар халдчихсан байдаг юм.
Би татварыг эсэргүүцэж байгаа юм биш. Гэхдээ арай л хэтэрхий байна. Ажлаа хийж чадахгүй төрд мөнгө өгч яах юм бэ? Төр бол ард түмэнд үйлчилж байх ёстой, хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл. Тэд өөрсдийг нь цалинжуулагч ард түмнээсээ хараат байх ёстой байтал ард түмэн нь төрөөсөө хараат болсон өнөөгийн нийгэмд үндсэн хууль байх нь бараг инээдтэй зүйл болоод байх шиг.
Гэхдээ миний дээр дурдсан үндсэн хууль бол нөгөө нь чөлөөт, иргэний ардчилсан нийгмийн үндсэн хууль байх ёстой. Манай үндсэн хуулийг анх тийм л зорилгоор гаргасан гэж найдаж байна.
Танд энэ бүгд бага ч болов эргэцүүлэх АГААР өгсөн гэдэгт найдаж байна.
Анхаарал таввсан явдалд баярлалаа.


Цааш унших...

January 9, 2009

Би сэрүүн байна буюу онолын нэгэн эргэцүүлэл

Саяхан Монголын Үндэсний Телевизийн цагийн хүрдээр үнийн өсөлтийн талаар мэдээлэл бэлтгэснийг харлаа. Дугай байж чадахгүйнээ. Үнэндээ мэргэжлийн сурвалжлагчтай болмоор л байна шүү дээ. Тэгээд мэргэжлийн хүмүүсээ яриулаад тэднийхээ яриаг хасаж танахгүй байх хэрэгтэй шүү дээ.
Инфляци явагдахаар юмны үнэ өсч эхэлдэг, харин Дефляци явагдахаар юмны үнэ буурдаг гэж тайлбарлаад байхдаа яахав дээ. Эдгээр нь зүгээр л онолын нэршил юм байгаа юм. Тэгтэл яг л эсрэг циклонуудын үйлчлэлээр салхи үүсдэг гэдэг шиг л тайлбар өгсөн байгаа биз дээ. Үүнийг энгийн хүмүүс Инфляци гэдэг юм байдаг ба тэр нь гараад ирсний дараа үнэ өсч эхэлдэг л гэж хүлээж авна.Ингэж болохгүй ээ найзууд аа.
Жишээлбэл өмнөх сард юмны үнэ дунджаар 4% өссөн, дараа сард нь 2% өссөн бол үүнийг бид дефляци гэж нэрлэх болж байна уу? Арай ч дээ. Ядаж өсөлтийн хурд буурсан гэж хэлж болдоггүй юм байх даа. Тэнд Орхон их сургуулийн залуу арай дөнгүүр юм ярьсан шүү харин.
Нэмээд хэлэхэд ерөөсөө зах зээлийн хүч гэдэг бол үнэ, тэр дундаа үний өсөлт юм шүү дээ. Юмны үнэ өсч байж гэмээнэ л цаашдаа үйлдвэрлэгчид урамшдаг, тэдэнд ажиллаж байгаа бидний цалин хөлс нэмэгддэг гээд л тэр чигээрээ ХҮЧ болж өгдөг.
Фридман гуай ярилцлаган дээрээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮЧ ГЭДЭГ БОЛ ЕРДӨӨ Л ХҮЧ, ТҮҮНИЙГ БИД САЛХИНЫ ХҮЧТЭЙ ЗҮЙРЛЭЖ БОЛНО, ТҮҮНИЙГ БИД ЭСЭРГҮҮЦВЭЛ ЯМАР ҮР ДАГАВАР ГАРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ гэж хэлж байсныг бичлэгээс нь үзсэн юм.
Юмны үнэ буурч байна гэдэг бол хямралтай байгаа өнөөгийн нийгэмд л байдаг зүйл.
За энэ хүргээд өндөрлий. Энэ талаар эргэцүүлэл байвал хэдүүлээ сэтгэгдлээр үргэлжлүүлье дээ.


Цааш унших...