February 24, 2014

Пассад

Хөөрхий би өчигдөр дүүргийн зүгээс иргэдээс авч буй хийх ажлын санал, хийгдэх ажлын жагсаалт, төсөв зэргийг уншиж суугаад нэг үг сурч авсан нь энэ ПАССАД.
Барилгын гадна тал л гэсэн үг болов уу гэж таасан :-)

Энэ тухай бодож явдаг, твиттер хуудсандаа бас нилээдгүй хэлэлцүүлээд авсан бодлоо бичье.

Товчхондоо хуучны 5, 9 давхар угсармал байрууд өнгө үзэмжээ алдаад миний нүүр шиг халтайчихсныг бүгд мэдэж байгаа. 40 мянгат орчмыг яаж янзалсныг та нар харсан биз дээ?
"Тэгвэл миний санаа бол шууд хөөсөнцөр дулаалга хийхийг пассадны засвартай хамтатгах" юм.
Барилгын дулаан алдагдал буурна, мэдээж хөөсөөрөө байгаад байхгүй юм чинь өнгө үзэмжийг давхар сайжруулна. Барилгын дулаан алдагдал гадна хана, хаалга, цонхноос болдог. Цонх, хаалга бол үндсэндээ вакум, бүргэд болоод дууссан. +шахдаг хөөс гээч сайхан зүйл гарсан.
Зарим нэг арчаатай, бэнчин таарсан айлууд нь зөвхөн өөрийн гадна ханыг ийм маягаар дулаалдаг болсон шүү дээ...

Үүнийг барьж аваад, зураг төсөл, төсвийг нь төлөвлөөд Үүл дарга дээр орж байгаа аавын хүү байгаа л бх. Гэхдээ одоогоор яг ингэлээ, тэглээ гэсэн юм дуулдахгүй л байна.


Цааш унших...

February 18, 2014

Авилга ба Алдагсан боломж

Хөгжлийн тухай өдөр бүр л бодох нь сүүлдээ стрессдүүлэх шинжтэй. Гэхдээ Монгол хүн бүр үүнийг бодож явбаас зохих гэдгийг хэлэхэд илүүц биз!
Цөөхөн Монгол хөгжихөд саад тушаа болж байгаа зүйл бол авлига. Авлигад мэдээж сайн тал байдаг. Онолын хувьд авилга бий болсноор хэлэлцээрт хурдан хүрч, хоёр тал ашигтайгаар тэнцвэр тогтдог гэж үздэг. Гэхдээ авлига их байх нь хэрэглээний буруу бүтцийг бий болгодог учраас хөгжилд төдийлөн нөлөөлөхгүй, тансаг хэрэглээний зүйлсээр хөрөнгө оруулалт алдагдаж, мөнгөн урсгал гадагшлах төлөв ажиглагддаг. Үүнийг бид үнэтэй брэндийн дэлгүүрүүд, үнэтэй машинуудын зам дээрх бөглөрлөөс бэлхэн харж болно. Эдгээр нь авилгын маш тодорхой индикатор болдог.
Барын зулзгыг бага дээр нь гэгчээр авлига гээчийг бага гэлтгүй авч гаршихтай тэмцэх нь эхний алхам юм шиг санагддаг. Төрийн үйлчилгээтэй холбоотойгоор авлигын эсрэг хөтөлбөр батлагдаж, элдэв хууль гарч, агаар дээгүүр авлигыг багасгаж байна. Гааль, татвар, элдэв хяналтын байгууллагууд, зөвшөөрөл олгодог байгууллага, гээд хууль сахиулах чиглэлийн бүх л байгууллагууд идэгдээд удаж байгаа. Түүх ярьвал энэ бүр дээр үед ембүү барьж жинс горилохоос эхлээд байсан л зүйл...

Тэгвэл энд авилгаар буюу албан бусаар бусдад шилжсэн орлогын хэмжээг баримжаалах, улмаар энэ хэмжээний мөнгийг албан урсгалд оруулж, хөгжилд нэмэрлэх санаа надад байдаг юм. Бага цалинтай, байрны нөхцөл муу хүмүүст баргийн хууль үйлчлэхгүй авлигаа авсаар л байх хандлага ажиглагддаг. Тэгвэл нөгөө шалтгаан руу нь тарилга хийх хэрэгтэй. Цалин, ажлын нөхцөл, байрны нөхцөлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ албан бусаар эргэлдэж, ихэнхдээ гадагш урсаж буй мөнгөн дүнгээс бага, болж өгвөл дээд тал нь 50% байх талаар анхаарах хэрэгтэй. Үүн дээр нөгөө ухаалаг төрийнхөө зарчмуудыг нэмээд явчихвал 30% руу ч оруулаад ирчихэж болох байх.

Товчхондоо жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх боломж байсаар байгааг бид зүрхэлж ярихгүй байгааг л би сануулж байгаа ухаантай. Хүн хэдий шуналтай ч шударга хөдөлмөрөөрөө сайхан амьдрах боломж байвал шоронгийн айдастай амьдрахаас илүүд үзэх байх гэсэн бодол минь л ийн бодоход хүргэлээ.


Цааш унших...

February 14, 2014

Араатан ба золиос

Хэдэн жил блогоо хөтлөлгүй явсандаа хүлцэл өчье.

Өнөөдрийн постыг би байгалийн жамын талаар товхон тайлбарлах зорилготой бичиж байгаагаа эхлээд хэлчихье. Ер нь хүчтэй нь хүчгүйгээ гэдэг нь байгалийн хууль. Ухаантай нь мунхагийгаа гэвэл хүний хууль болох байх.

Математикт "Араатан ба Золиос" гэдэг тэнцвэрийн загвар бий. Маш ойлгомжтой, энгийн. Товчхондоо нэг бүс нутагт хоёр өөр зүйл амьдардаг бөгөөд нэг нь нөгөөгийнхөө золиос буюу идэш тэжээл.
Золиос, араатны тоо хоёлаа тэнцүү гэж үзвэл цаг өнгөрөхөд золиос нь цөөрч, араатан нь идэш тэжээл идсэнийхээ хэрээр тоо нь өсч олширно. Улмаар золиосын тоо хурдтай буурна. Энэ тохиолдолд араатны идэш хомсдож үржлийн тоо багасна. Харин байгалийн жамаараа золиосын тоо илүү олон болно. Ингээд л байдал өмнөх шигээ циклдэж эхэлнэ. Ердөө л ийм.

Үүнийг мэдээж баяжуулж болно. Тийм загварууд ч зөндөө бий. 

Эхлээд үүнийг зээр, чонын тоотой холбож үзье. Чоно, зээр хоёрыг нэг бүс нутагт байгаа гэж үзвэл айлын хотонд орохгүй өвчтэй, дорой зээрнүүд түүгдээд шүлхий мэтийн өвчний гол тээгч зээрийг байгаль өөрөө арилгаад явчих боломжтой. Гэтэл бид зээрийг нь ч хөөж буудаад, чонын ч хөөж буудаад амар заяа үзүүлэхгүй болохоор энэ хоёр нэг бүс нутагт байх магадлал багасчихна. За дээрээс нь хонио мэдээж манахгүй бол хурдан давхидаг зээр хөөснөөс, хонь хуссан нь дээр ш дээ чононд бол...

Ерөөсөө байгалийн хуулийг алдагдуулна гэдэг өөрөө сөрөг үр дагавартай... Байгаль дээр алдаатай тооцоологдсон зүйл бараг байхгүй гээд хэлчихэд болно.

За цаашилбал үүнийг нийгмийн амьдралд оруулаад ирж ч болно. Өнөөх төр яагаад Том байснаа Ухаалаг болохоор шийдэв? Хаашдаа төрийн хүчээр далайлгаад олз олж идэх нөхцөл нь багасч байгаагаар би тайлбарламаар санагдаад байгаа юм... Шилжилтийн үед төрийн эрх мэдлээр бүгдийг барьж идэж болдог байсан. Гэтэл улс хөгжөөд, гаднаас мэдлэг хуримтлагдаад, туршлага суугаад ирэхээр яалт ч үгүй хоол олж идэхэд бэрх цаг ирчихнэ... ингээд л ургуулан бодоод байвал хайр дурлалаас бусдад математик загваруудыг өргөтгөх байдлаар ашиглаж болох л байх л даа. Энэ ч маний мэдлэгээс хэтэрсэн асуудал байх...

Цааш ургуулан бодох боломжийг нь танд үлдээе дээ...


Цааш унших...