February 24, 2014

Пассад

Хөөрхий би өчигдөр дүүргийн зүгээс иргэдээс авч буй хийх ажлын санал, хийгдэх ажлын жагсаалт, төсөв зэргийг уншиж суугаад нэг үг сурч авсан нь энэ ПАССАД.
Барилгын гадна тал л гэсэн үг болов уу гэж таасан :-)

Энэ тухай бодож явдаг, твиттер хуудсандаа бас нилээдгүй хэлэлцүүлээд авсан бодлоо бичье.

Товчхондоо хуучны 5, 9 давхар угсармал байрууд өнгө үзэмжээ алдаад миний нүүр шиг халтайчихсныг бүгд мэдэж байгаа. 40 мянгат орчмыг яаж янзалсныг та нар харсан биз дээ?
"Тэгвэл миний санаа бол шууд хөөсөнцөр дулаалга хийхийг пассадны засвартай хамтатгах" юм.
Барилгын дулаан алдагдал буурна, мэдээж хөөсөөрөө байгаад байхгүй юм чинь өнгө үзэмжийг давхар сайжруулна. Барилгын дулаан алдагдал гадна хана, хаалга, цонхноос болдог. Цонх, хаалга бол үндсэндээ вакум, бүргэд болоод дууссан. +шахдаг хөөс гээч сайхан зүйл гарсан.
Зарим нэг арчаатай, бэнчин таарсан айлууд нь зөвхөн өөрийн гадна ханыг ийм маягаар дулаалдаг болсон шүү дээ...

Үүнийг барьж аваад, зураг төсөл, төсвийг нь төлөвлөөд Үүл дарга дээр орж байгаа аавын хүү байгаа л бх. Гэхдээ одоогоор яг ингэлээ, тэглээ гэсэн юм дуулдахгүй л байна.


Цааш унших...

February 18, 2014

Авилга ба Алдагсан боломж

Хөгжлийн тухай өдөр бүр л бодох нь сүүлдээ стрессдүүлэх шинжтэй. Гэхдээ Монгол хүн бүр үүнийг бодож явбаас зохих гэдгийг хэлэхэд илүүц биз!
Цөөхөн Монгол хөгжихөд саад тушаа болж байгаа зүйл бол авлига. Авлигад мэдээж сайн тал байдаг. Онолын хувьд авилга бий болсноор хэлэлцээрт хурдан хүрч, хоёр тал ашигтайгаар тэнцвэр тогтдог гэж үздэг. Гэхдээ авлига их байх нь хэрэглээний буруу бүтцийг бий болгодог учраас хөгжилд төдийлөн нөлөөлөхгүй, тансаг хэрэглээний зүйлсээр хөрөнгө оруулалт алдагдаж, мөнгөн урсгал гадагшлах төлөв ажиглагддаг. Үүнийг бид үнэтэй брэндийн дэлгүүрүүд, үнэтэй машинуудын зам дээрх бөглөрлөөс бэлхэн харж болно. Эдгээр нь авилгын маш тодорхой индикатор болдог.
Барын зулзгыг бага дээр нь гэгчээр авлига гээчийг бага гэлтгүй авч гаршихтай тэмцэх нь эхний алхам юм шиг санагддаг. Төрийн үйлчилгээтэй холбоотойгоор авлигын эсрэг хөтөлбөр батлагдаж, элдэв хууль гарч, агаар дээгүүр авлигыг багасгаж байна. Гааль, татвар, элдэв хяналтын байгууллагууд, зөвшөөрөл олгодог байгууллага, гээд хууль сахиулах чиглэлийн бүх л байгууллагууд идэгдээд удаж байгаа. Түүх ярьвал энэ бүр дээр үед ембүү барьж жинс горилохоос эхлээд байсан л зүйл...

Тэгвэл энд авилгаар буюу албан бусаар бусдад шилжсэн орлогын хэмжээг баримжаалах, улмаар энэ хэмжээний мөнгийг албан урсгалд оруулж, хөгжилд нэмэрлэх санаа надад байдаг юм. Бага цалинтай, байрны нөхцөл муу хүмүүст баргийн хууль үйлчлэхгүй авлигаа авсаар л байх хандлага ажиглагддаг. Тэгвэл нөгөө шалтгаан руу нь тарилга хийх хэрэгтэй. Цалин, ажлын нөхцөл, байрны нөхцөлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ албан бусаар эргэлдэж, ихэнхдээ гадагш урсаж буй мөнгөн дүнгээс бага, болж өгвөл дээд тал нь 50% байх талаар анхаарах хэрэгтэй. Үүн дээр нөгөө ухаалаг төрийнхөө зарчмуудыг нэмээд явчихвал 30% руу ч оруулаад ирчихэж болох байх.

Товчхондоо жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх боломж байсаар байгааг бид зүрхэлж ярихгүй байгааг л би сануулж байгаа ухаантай. Хүн хэдий шуналтай ч шударга хөдөлмөрөөрөө сайхан амьдрах боломж байвал шоронгийн айдастай амьдрахаас илүүд үзэх байх гэсэн бодол минь л ийн бодоход хүргэлээ.


Цааш унших...

February 14, 2014

Араатан ба золиос

Хэдэн жил блогоо хөтлөлгүй явсандаа хүлцэл өчье.

Өнөөдрийн постыг би байгалийн жамын талаар товхон тайлбарлах зорилготой бичиж байгаагаа эхлээд хэлчихье. Ер нь хүчтэй нь хүчгүйгээ гэдэг нь байгалийн хууль. Ухаантай нь мунхагийгаа гэвэл хүний хууль болох байх.

Математикт "Араатан ба Золиос" гэдэг тэнцвэрийн загвар бий. Маш ойлгомжтой, энгийн. Товчхондоо нэг бүс нутагт хоёр өөр зүйл амьдардаг бөгөөд нэг нь нөгөөгийнхөө золиос буюу идэш тэжээл.
Золиос, араатны тоо хоёлаа тэнцүү гэж үзвэл цаг өнгөрөхөд золиос нь цөөрч, араатан нь идэш тэжээл идсэнийхээ хэрээр тоо нь өсч олширно. Улмаар золиосын тоо хурдтай буурна. Энэ тохиолдолд араатны идэш хомсдож үржлийн тоо багасна. Харин байгалийн жамаараа золиосын тоо илүү олон болно. Ингээд л байдал өмнөх шигээ циклдэж эхэлнэ. Ердөө л ийм.

Үүнийг мэдээж баяжуулж болно. Тийм загварууд ч зөндөө бий. 

Эхлээд үүнийг зээр, чонын тоотой холбож үзье. Чоно, зээр хоёрыг нэг бүс нутагт байгаа гэж үзвэл айлын хотонд орохгүй өвчтэй, дорой зээрнүүд түүгдээд шүлхий мэтийн өвчний гол тээгч зээрийг байгаль өөрөө арилгаад явчих боломжтой. Гэтэл бид зээрийг нь ч хөөж буудаад, чонын ч хөөж буудаад амар заяа үзүүлэхгүй болохоор энэ хоёр нэг бүс нутагт байх магадлал багасчихна. За дээрээс нь хонио мэдээж манахгүй бол хурдан давхидаг зээр хөөснөөс, хонь хуссан нь дээр ш дээ чононд бол...

Ерөөсөө байгалийн хуулийг алдагдуулна гэдэг өөрөө сөрөг үр дагавартай... Байгаль дээр алдаатай тооцоологдсон зүйл бараг байхгүй гээд хэлчихэд болно.

За цаашилбал үүнийг нийгмийн амьдралд оруулаад ирж ч болно. Өнөөх төр яагаад Том байснаа Ухаалаг болохоор шийдэв? Хаашдаа төрийн хүчээр далайлгаад олз олж идэх нөхцөл нь багасч байгаагаар би тайлбарламаар санагдаад байгаа юм... Шилжилтийн үед төрийн эрх мэдлээр бүгдийг барьж идэж болдог байсан. Гэтэл улс хөгжөөд, гаднаас мэдлэг хуримтлагдаад, туршлага суугаад ирэхээр яалт ч үгүй хоол олж идэхэд бэрх цаг ирчихнэ... ингээд л ургуулан бодоод байвал хайр дурлалаас бусдад математик загваруудыг өргөтгөх байдлаар ашиглаж болох л байх л даа. Энэ ч маний мэдлэгээс хэтэрсэн асуудал байх...

Цааш ургуулан бодох боломжийг нь танд үлдээе дээ...


Цааш унших...

October 16, 2009

Хөгжлийн сангийн гурван цагийн хэлхээс...

Нээлттэй Нийгэм Форумын Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн судлаач Ц.Батсүх (PhD), А.Батпүрэв, Д.Ганбат


Өнгөрсөн түүх буюу Хөгжлийн сан яагаад хэрэгтэй байсан бэ?

Байгалийн нөөц баялгаас олсон орлогоороо “амьдардаг” улс орнуудын хувьд цөөн төрлийн түүхий эдийн үнийн хэлбэлзэл нийт эдийн засагт нь хүчтэй нөлөө үзүүлдэг. Үнийн өсөлтийн үед “тансаглаад”, уналтын үед “бүсээ чангалдаг” хандлага манай улсад ч тогтоод байна. Орж ирэх орлогоо дээд хэмжээгээр нь төсөөлж улсын төсвөө төлөвлөсөн атлаа бодит орлого нь төсөөлсөн хэмжээнд хүрэхгүй болохоор нийгмийн хамгаалал, халамжийн хөтөлбөрүүд үр ашиггүй, төсвийн байгууллагууд хэт үрэлгэн, баталчихсан томоохон төслүүд нь чухал биш тухай ярьж эхэлдэг.
Байгалийн баялаг бол шавхагдаад дуусах, дахин нөхөгдөхгүй нөөц юм. Тиймээс ашигт малтмалын үнэ өндөр хэдий ч бусад бүхий л төрлийн түүхий эдийн нэгэн адилаар маш их хэлбэлзэлтэй байдаг. Энэхүү богино хугацааны орлогын тогтворгүй байдлыг тооцоолохгүйгээр улсын төсвийн зарлагыг орлоготой нь шууд “уях” юм бол ашигт малтмалын үнийн өсөлт, уналтын мөчлөгийг дагаад улсын төсөв тэлж, агшдаг үзэгдэл арилахгүй. Монголын Засгийн газар төсвийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийг төлөвлөх, ялангуяа санхүүгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж чадахгүйд хүрнэ.

Нөгөө талаас, өвөг дээдсийнхээ хадгалсаар өвлүүлсэн газрын доорх баялгийг өнөөдөр амьдарч байгаа бид дангаараа ашиглаад өнгөрөх ёс суртахууны эрх байхгүй. Энэ хандлагаар бол байгалийн баялгаас олсон орлогыг хэн нэгэн, аль эсвэл хэсэг бүлэг хүмүүс өөрийн буй болгосон өмчийн орлого мэтээр дангаар хүртэх ёсгүй юм. Тиймээс ч өнөө болон хойч үед маань энэ баялгийн үр шимийг шударгаар хүртээхийн тулд өнөөдрийн орлогыг урт хугацааны хөрөнгө оруулалтын бодлогоор тогтвортой зохицуулан удирдах хэрэгтэй юм.

Энэ бол зөвхөн Монголын өмнө тулгараад байгаа асуудал биш. Ашигт малтмал, байгалийн хий, газрын тос зэрэг байгалийн баялгаа ашиглаж байгаа улс орнууд эдгээр асуудлыг шийдэх боломж олгосон бодлогын нэгэн хувилбар боловсруулан хэрэгжүүлж байгаа нь тусгай сан юм.

Манай улсын хувьд сонгууль бүрийн өмнө амны уншлага болгон ярьдаг байгалийн баялаг, түүнээс олох их хэмжээний орлогыг цөөн хүний дур зоргоор зарцуулахгүй байх шаардлага нь нэгд дээр дурдсан үзэл санаанд, хоёрт дараахь үндэслэлд тулгуурладаг.

Богино хугацааны орлогын тогтворгүй байдлын улмаас макро эдийн засгийг төлөвлөх, санхүүгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхэд ноцтой бэрхшээл тулгардаг. Цаашлаад төсвийн зарлага эрс нэмэгдэх эсвэл буурах, үр ашиггүй, хэт ахадсан төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, гадаадын зээл ихээр авах, авилга, ашиг хонжоо хайх үзэгдлийг өөгшүүлэх, голланд өвчинд нэрвэгдэх гэх мэт сөрөг үр дагаврыг дагуулах эрсдэлтэй.

Ийм байдал нийгэм-эдийн засаг урт хугацаанд тогтвортой хөгжихөд сөргөөр нөлөөлдөг тул орлогын урсгалыг оновчтой удирдснаар нийт эдийн засгаа үнийн хэлбэлзэл, бизнесийн мөчлөгийн сөрөг нөлөөллөөс хамгаалж, эрсдлийг бууруулахын тулд “тогтворжуулалтын санг” байгуулан ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед тодорхой хэсгийг нь хуримтлалдаа байлгаж байгаад үнэ буурсан үед төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах замаар төсвийн тогтвортой байдлыг хангах зарчим юм.

Дээр дурдсанчлан байгалийн баялаг нь бүх нийтийн шинж чанартай тул түүнээс олох орлого нь тухайн улсын хүн бүрт төдийгүй, өнөөгийн хийгээд дараагийн үед хүртээмжтэй байх ёстой. Мөн олсон болгоноо тухай бүрт нь үрэн таран хийхгүй өсгөж үржүүлж байх хэрэгтэй гэсэн санаа ч бий. Энэ учраас гэнэтийн их орлогыг хуримтлуулж ухаалгаар захиран зарцуулж байх зорилготой “хуримтлалын санг” мөн байгуулж ажиллуулдаг. Хуримтлуулсан хөрөнгөө удаан хугацааны ашигтай хөрөнгө оруулалтаар өсгөн үржүүлж дараачийн үеийн нийгмийн хэрэгцээнд зарцуулах зарчим энд үйлчилнэ.

Мөн уул уурхайн орлогыг нийгмийн эмзэг бүлгүүд болон хөрөнгө их шаарддаг нийгмийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын, нийгмийн халамжийн гэх мэт санг байгуулдаг ч тогтворжуулалтын болон хуримтлалын сангууд нь байгалийн баялгийн орлогын менежментийн үндсэн арга хэрэгслүүд юм.

Нэгэнт ашигт малтмалаас өндөр хамааралтай эдийн засагтай, олох орлого нь биднээс үл хамааран дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн “савалгаанд” өртөх нь гарцаагүй, мөн олсон хэдийгээ бүх нийтэд хүртээх улс төрийн шалтгаантай учраас манай улсад ч тусгай сан байх шаардлага гарч ирсэн бөгөөд 2007 онд “Монгол Улсыг хөгжүүлэх санг” байгуулсан.

Өнөөдрийн байдал буюу Хөгжлийн сангийн дампуурал

Олон улсад амжилттай ажиллаж байгаа сангуудын жишгээр зорилго нь тодорхой, зарцуулалтын дүрэм журам нь хуулиар нарийн тодорхойлогдсон “Монгол Улсыг хөгжүүлэх сан” байгуулсан ч “тоглоомын дүрмийг” ягштал баримталж чадаагүйгээс гурав дахь жилээсээ сан маань ерөнхийдөө дампуурсан юм. 2007 онд 32 тэрбум төгрөгийн ашигтай үлдсэн тус сан 2008 онд 12 тэрбум 623 сая төгрөгийн алдагдалтай гарч, 2009 онд орлогын эх үүсвэр нь байхгүй болсноор үйл ажиллагаагаа явуулж чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулаад байх шиг байна.

Дээрх дүгнэлтийг бага зэрэг тодруулъя. 2007 оны нэгдүгээр сард батлагдсан хуулиар “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-ийн хөрөнгийг
  • давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн улсын төсвийн орлогын дутагдлыг нөхөх,
  • хүүхэд гэр бүлийг дэмжих,
  • улсын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийх
гэсэн гурван зорилгоор ашиглана гэжээ. Өөрөөр хэлбэл тогтворжуулах, хуримтал-хөрөнгө оруулалт, нийгмийн халамж гэсэн байж болох бүхий л зорилгуудыг багтаасан санг байгуулсан юм. Уул нь бол богино хугацааны орлогын хэлбэлзлийг багасгаж эдийн засгийг тогтворжуулах, урт хугацаанд тууштай хадгалагдах сангийн бодлогыг дэмждэг, нийт эдийн засгийг ялангуяа аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбараа “Голланд өвчин” гэх мэт бүтцийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, орлогын олон эх үүсвэрт суурилсан хүчтэй нийгэм-эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн “алсын хараатай” хөрөнгө оруулалтыг хийдэг сан байсан бол илүү хэрэгтэй байлаа. Гэвч нийгмийн халамж, хүн амын бодлогыг санхүүжүүлэх өөр эх үүсвэр байхгүй Монголын хувьд бодит хэрэгцээндээ захирагдан ийм санг байгуулжээ.

Харин тус сангийн орлогынх нь бараг цорын ганц эх үүсвэр (90 хувиас дээш) нь хэзээ ч алга болж болох “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татвар” байв. Үүн дээр хүүгийн орлого, өмнөх жилийн улсын төсвийн ашиг нэмэгдэх ёстой боловч, үнэн хэрэгтээ хуримтлал хийхгүй байгаа учраас хүүгийн орлого байхгүй, Засгийн газар төсвийн ашгаа шилжүүлдэггүй болохыг Үндэсний Аудитын газрын тайланд нотолсон байна. Ингээд анхнаасаа нь “тоглоомын дүрэм” зөрчигдөн, “Монгол Улсыг хөгжүүлэх сан” нь цорын ганц эх үүсвэрээс тэжээгдэж ирлээ. Гэтэл саяхан УИХ-аас “68 хувийн татвар”-ыг хүчингүй болгох шийдвэр гаргаснаар нөгөө цорын ганц “тэжээгч судас” тасарч орхилоо. Энэ оны байдлаар тус сангийн орлого 100 орчим тэрбум төгрөг, зарлага 182 тэрбум байх төлөвлөгөөтэй байлаа.

Маргааш яах вэ буюу Хөгжлийн сангийн ирээдүй

Ийнхүү “Монгол Улсыг хөгжүүлэх сан” хөрөнгийн эх үүсвэргүй болж, татан буугдах нөхцөл байдал үүссэн ч хэрэгцээ, шаардлага нь арилаагүй байгаа юм. Учир нь Оюу Толгойн гэрээ байгуулагдсанаар ашигт малтмалаас олох улсын орлого ойрын ирээдүйд эрс нэмэгдэх нь тодорхой боллоо. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийг дагаад улсын төсвийн хэмжээ ихсэж, багасдаг байдлыг хяналтдаа авч эдийн засгийг тогтворжуулах, зарим нийгмийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, хуримтлагдсан хөрөнгийг ухаалгаар захиран зарцуулах үүрэгтэй механизм урьд өмнөхөөс ч илүү чухал шаардлагатай болж байна.

Ийм механизмыг бий болгох үндсэн хоёр арга бий. Нэг нь Засгийн газар сангийн бодлогынхоо хүрээнд буюу зөвхөн төсвийн бодлогын хэрэгслээр дамжуулан баялгийн орлогын менежментийг хэрэгжүүлэх уламжлалт механизм юм. Энэ бол эдийн засаг нь төрөлжсөн, засаглалын чадавхи сайтар төлөвшсөн төсвийн ил тод, хариуцлагатай байдал бодит хэм хэмжээ болсон улсуудад л амжилт олдог. Харин манайх шиг хөгжиж буй буюу буурай хөгжилтэй орнуудад орлогын тогтворгүй урсгалыг удаан хугацааны үр ашигтай нь уялдуулан төлөвлөх, мөн хөгжлийн олон хэрэгцээг эрэмблэн санхүжүүлэх зэрэгт хүн хүч, чадавхи, туршлага төдийлөн хүрэлцдэггүй тул тусгай сан байгуулж үйл ажиллагааг нь Сангийн яам, Төв банк удирдах эсвэл шууд бие даалгаж хамтран ажиллах хоёр дахь хувилбарыг өргөнөөр ашигладаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах дээл дээр өсөх, унах мөчлөгтэй байх нь гарцаагүй боловч хэзээ, юунаас болж энэ хэлбэлзэл гарахыг хэлж чадах хүн бараг байхгүй учраас уул уурхайн орлогыг улсын төсвөөс салангид “хадгалж” байгаад үнийн өсөлтийн үед хуримтуулсан мөнгөө үнэ унах үед ашиглах энгийн бөгөөд ойлгомжтой зарчмаар ажиллах хувилбар нь энэ сан юм.
Олон улсын жишгээр бол нэг эх үүсвэртэй тохиолдолд нэг л тусгай сан байгуулдаг. Харин нэг улс олон эх үүсвэртэй тохиолдолд тухайн эх үүсвэр бүрт сан байгуулсан туршлага байдаг. Манай улсын хувьд уул уурхайн орлого гэсэн нэрийн дор нэг л мөнгөн хуримтлал төвлөрүүлж байгаа учраас нэг эх үүсвэртэй буюу нэг л сан ажиллах нь зүйтэй. Харин өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлаас харвал орж ирсэн мөнгөний хэдэн хувийг нь хэн нь авах вэ гэдгээс эхлээд л маргаан үүсэх аюултай болжээ. Угаасаа манайх шиг нэг эх үүсвэртэй мөртлөө хоёр, эсвэл гурван сан байгуулдаг улс энэ дэлхий дээр нэг ч байхгүй. Нэг сан байгуулаад нэгдсэн удирдлага дор мөнгөн хөрөнгийг тодорхой дүрмийн дагуу нарийн зарцуулах нь удирдлагын зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдааны хувьд ч илүү тодорхой байдаг.
Нэг жижиг улсын хувьд олон бие даасан сангууд нэг эх үүсвэртэйгээр, тус тусдаа удирдлага зохион байгуулалттайгаар бий болсон тохиолдолд хялбараар шийдэх боломжтой ажлыг илүү нүсэр олон хэсэг болгож байгаа мэт харагдаж байна. Мөн эдгээр тусгаар тогтносон гэж хэлж болохуйц сангуудын зарцуулалт нь хоорондоо давхцах, уялдаа холбоо илүү султай болох магадлал маш өндөр. Дээрээс нь уул уурхайгаас орж ирэх мөнгийг ямар харьцаатайгаар аль санд нь хуваарилах гээд байгаа нь бүрхэг хэвээрээ л байна. Ийм нөхцөл байдалд манай оронд олон сангаа нэгтгэж удирдаж байвал зүгээр ч байж магадгүй.

Сүүлийн үеийн мэдээллээр бол Сангийн яам өөрийнхөө мэдэлд “Тогтворжуулалтын сан” байгуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Үүний зэрэгцээ эрх баригч намуудын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх “Эх орны хишиг”, “Баян Монгол корпораци” нэртэй сангуудыг нэгтгэн нэг зохион байгуулалтад оруулах журам гарган сан байгуулж ажиллуулах нь бараг л тодорхой болоод байна. Энэ тохиолдолд өмнөх алдаагаа давтахгүйн тулд хэдэн хэдэн асуудлыг анхаарах ёстой юм.

Юуны өмнө эдгээр бүх сангийн орох, гарах мөнгөн урсгалын журмыг маш нарийн боловсруулж хэлбэрэлтгүй дагах нь чухал. Чухам ямар төрлийн мөнгөн орлогыг ямар хэмжээгээр аль санд байршуулах ёстой, үүнийг ямар үйл ажиллагаанд хэдий хэмжээгээр зарлагадахыг хөдөлшгүй тогтоож, хариуцах эзэн, тайлагнах арга хэлбэрийг нь журамлан мөрдөх нь амжилттай ажиллах гол үндэс болно.

Сангууд төвлөрүүлсэн хөрөнгөө урсгал зардал болгоод гаргаад байвал ирээдүйн хэрэгцээг санхүүжүүлэх хөрөнгө үлдэхгүй. Мөн нэгэнт татан төвлөрүүлсэн мөнгөн хуримтлалаа “хав дараад” суугаад байвал инфляци зэргээс болж үнэгүйдэх тул сан тус бүр (мөн байгуулагдахаар яригдаж буй “Хөгжлийн банк”) нь хөрөнгө оруулалтын стратегитай байж, эдгээр нь өөр хоорондоо уялдаатай байх нь чухал болж байна. Давхардуулахгүй, бас орхигдуулахгүй байхын зэрэгцээ хэрэгцээгээ ач холбогдол, үр ашгаар нь эрэмблэн сангуудын зарлагыг журамлах нь нийгмийн шударга ёсыг хангах хариуцлагатай хийгээд ээдрээтэй асуудал тул олон нийтээрээ зөвлөлдөж, бүх нийтийн санал асуулгаар ч шийдэх хэмжээний “том” асуудал болж мэднэ.

Эцэст нь сангуудын үйл ажиллагаа төсвийн болон мөнгөний бодлоготой уялдсан, гэхдээ улс төрийн нөлөөллөөс хараат бус бие даасан, ил тод байдлыг хангах явдлыг яригдаж буй төслүүдэд орхигдуулахгүй байх хэрэгтэй. Тиймээс сангуудын орлого, зарлагыг мэргэжлийн болон олон нийтийн хяналтад байлгах механизмууд анхнаасаа журамлагдсан байх шаардлагатай болж байна.



Цааш унших...

February 18, 2009

Аль талаас нь вэ?

За би өмнө нь хэлж л байсан даа. Тухайн авч үзэж байгаа зүйл, чиний харж байгаа өнцгөөс ихээхэн шалтгаалдаг гэж. Асуудлыг аль талаас нь харж байна тэр талыг л баримталсан дүгнэлт гарна. Ингээд бидний төдийлэн анхаардаггүй нэгэн эмзэг сэдвийг аль талаас нь харах боломжтой байна түүгээрээ хараасай гэж бодоод UB Post сониноос ишлэл авлаа. Өнгөрсөн сарын нийтлэл. Миний хааяа бичье гэж боддог нэг зүйл бол ёс зүйн хэм хэжээ. Энд өгүүлэгдэх сэдэв ч мөн үүнтэй нарийн холбоо сэжимтэй л зүйл. Дан мэдээллийн чанартай зүйлсийг орууллаа. Мэдэхэд илүүдэхгүй юм шиг санагдлаа. Гарчигаа ингэж нэрлэсний учир гэвэл бид энэ бүгдийг хаанаас нь хардгаа нэг эргэж харууштай юм болов уу гэснийх шүү. Ойрын үед гарчиг бичлэг хоёрын уялдаан дээр хүмүүс их ундууцдаг болсон. За ингээд сонингийн ишлэлдээ орцгооё.
-"Монгол улсын 2008 оны жендерийн үнэлгээ" тайланд Монголын хууль тогтоомжууд биеэ үнэлэгчдээр үйлчлүүлж байгаа хүмүүст маш зөөлөн хандаж байгаа хэрнээ хууль бусаар энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийг маш хатуу шийтгэж байгаа тухай дурдсан байна. Монгол улсын хуулиар биеэ үнэлэгчдэд оноож байгаа шийтгэлүүдийн дотор энэ үйл ажиллагаанаас олсон бүх орлогыг хураах, 14-30 хоног баривчлах гэх мэт шийдвэрүүд оногддог байна.
Энэ хуулийн хэрэгжилт нь үе үе гэнэт шалгалт хийх, биеэ үнэлэгчдийг баривчлах, тэдэнтэй доромжилсон болон хүнлэг бус байдлаар харьцах, баривчлах юмуу өндөр шийтгэл оногдуулахаар айлган бэлгийн үйлчилгээ, хахууль авах боломж олгож байна гэж үзэх үндэслэл илэрчээ. Шалгалт хийхдээ тедевизийн сурвалжлагчдыг дагуулж явах нь элбэг бөгөөд дараа нь эдгээр сэтгүүлчид биеэ үнэлэгчдийн төлөөр маш сөрөг утга агуулгатай нэвтрүүлэг бэлдэж цацдаг байна. Ингэснээр тэдгээр хүмүүсийн эсрэг нийгмийн сөрөг хандлага нь эрүүгийн гэмт хэрэг гэж тодорхойлсон хуулийн заалт, сөрөг мэдээллийн улмаас улам бэхжин тэдний хүний наад захын эрхийг зөрчих, төрөөс тэдний эрхийг хамгаалах талаар арга хэмжээ авахгүй байх боломжийг бүрдүүлсэн орчин нөхцөл, хуульгүй байдлыг бий болгоход нөлөөлж байна.
Массажны газрууд дунджаар 2-4 массажчинтай байдаг. УБ хотод нийт 178 ийм газар байдаг. Тэдний 70 орчим хувь нь биеэ үнэлэх үйлчилгээ үзүүлдэг гэвэл нийт хамгийн багадаа 375 биеэ үнэлэгч байна. УБ-ын 25 массаж, сауны газрын 38 ажилчинтай хийсэн ярилцлагад тулгуурлан эдгээр газрын 80 хувь нь үйлчлүүлэгчиддээ тусгай буюу жагсаалтад ороогүй үйлчилгээг далдуур санал болгон нэг цаг юмуу, нэг удаад 20,000 төгрөгийн төлбөр авдаг судалгаа гарчээ.
Ийм газруудад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дундаж нас 18-25 байгааг мөн дурджээ. УБ, Эрдэнэт, Дархан хотуудын 234 биеэ үнэлэгчдийн 10 хувь нь 15-19 насны, 80 хувь нь 20-29 насных байжээ. Мөн эдгээрийн 75 хувь нь нэг буюу түүнээс дээш жилээр биеэ үнэлсэн, үүнээс 56 хувь нь 18-21 насны бүсгүйчүүд байжээ.
Тэдний биеэ үнэлж байгаа шалтгааныг асуухад 42 хувь нь гар бүлээ тэжээх, 44 хувь нь мөнгө олох, 11 хувь нь сургалтын төлбөрөө олох зорилгоор биеэ үнэлж байгаа гэжээ. Дээд боловсролын төлбөр өндөр байгаа нь үүнтэй хамааралтай байж магадгүй байна. Мөн зуны амралтаар эмэгтэй оюутнууд уурхай дээр төлбөрөө олох зорилгоор ажиллаж өөрсдийгөө бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртүүлэх өндөр эрсдэлтэй байдаг.
Сауны газруудад ажиллаж байгаа ойролцоогоор 400 эмэгтэй өдөрт 3,4 үйлчлүүлэгчтэй байдаг нь судалгаагаар гарсан ба үүнийг 20,000 төгрөгийн хөлсөөр тооцвол ийм төрлийн үйлчилгээний нийт орлого өдөрт 8 сая төгрөг болох ба үүнээс гадна шөнийн цэнгээний газар, гудамж, буудал, уурхай зэрэг олон газарт ийм ажил явагдаж байгаа тул уг далд салбарт маш их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Гэтэл залуу эмэгтэйчүүд орлогоо хянах боломж хязгаарлагдмал байгааг дурдвал эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг мөн их байна.
Ийм байдалд 14-15 насны охидын 84,6% нь өртдөг байна.
Бодит байдал дээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа нь зөвхөн биеэ үнэлэгчид ялангуяа гудамж, доогуур зэрэглэлийн буудал, саун зэрэг газарт хүний нүдэнд ил байдаг биеэ үнэлэгчдийн хамгийн эмзэг, хамгийн эрх мэдэл багатай бүгүүдийг онилдог байна.
Мөн энэ үйлчилгээний нэг онцлог нь ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор бусад орнууд рүү шилжин явдаг ба Хятад, Макао, Гонг Конг, Малайз, Сингапурт ажилладаг тухай мэдээлэл байна. Эдгээрийн ихэнхи нь хагас хүний наймаа, хүний наймаа байдаг.
Ёох гар өвдчихлөө. . . Сэтгэл ч өвдчихлөө... Тэр цагдаа нар, тэр сурвалжлагчид уншаад нэгийг эргэцүүлээсэй дээ. Англи хэлнээс тэд олж уншихгүй учраас зориуд үүнийг хуулж орууллаа.


Цааш унших...

February 3, 2009

Who is the Best?

Зургийг хүний сайтан дээрээс авсан гэдгээ эхлээд хэлчихье.

Одоо сэдэв рүүгээ орьё. Та хэн мундаг вэ гэдгийг мэддэг үү? Гэрийн эд зүйл эвдэрхэд янзалж чадахгүй бол чи хэн болох вэ? Сайн гэрийн эзэн үү? Засварчин дуудаад янзлуулчихсан нь дээр л дээ тийм ээ?...
Юм гэдэг харьцангуй шүү. Долларын ханш тэнгэрт хадаж, төгрөгийн ханш навсайж байхад доллараа цалинждаг, төгрөгийн зээлтэй хүн гэдийгээстэй, 2 нүх л явна шүү дээ. Аан харин хямрал болоод хөөрхий нөхөр гадаадын хөрөнгө оруулалттай компани нь удахгүй дампуурчихвал яах юм бол доо? Яахав дээ одоохондоо сонголт нь маш зөв байгаа ч тэр хүн шилдэг сонголт хийсэн хүн мөн үү?
Чи хэн бэ гэдгээ эхлээд хаана байна вэ гэдэг асуултанд хариулсаны дараа эргэцүүлээд нэг үз л дээ. Барак Обама гэж нэг баатар хүн болгоны л аманд орчихож, би ч гэсэн хэлчихье. Тэр эрийг авчраад Монголд УИХ-д оруулаад үзэх юмсан. Монголд төр удирдах хэцүү гэдгийг нь мэдрүүлээд өгөхгүй юу? Тэрний оронд лаг лаг ярьдаг Монгол залуус хамаагүй дээр төр барих байх өө. Хэ хэ.
Сайн эмчийг эмнэлгийн даргаар тавих нь утгагагүй гэдгийг хүн бүр л мэддэг. Тийм хэрнээ хэн нь шилдэг вэ гэхээр хөөрхий нөгөө эмчид саналаа өгч явуулаад, өнөөх нөхөр эмнэлгээ ч баллаад, өч төчнөөн хүн эмчилж анагаах, олон хүний амь аврах боломжийг алдаж орхино.
Танай байгууллагын дарга яахав сайн хүн л дээ. Мэдээж тэр бизнесийг анх Монголдоо санаачилсан цөөхөн хэдэн хүний нэг, тэрүүгээрээ ч хоолоо олж идэж байгаа ба та хэдийг цалингаар тасалчихгүй л байна шүү дээ. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үз дээ. Дарга бол зүгээр сайн бизнесмэн байж болох ч танай компаний засаглал ямар байгааг сайн бодоод үз л дээ. Хаанаас хүмүүсээ томилж байна, ямар шалгуур тавьж байна, энд байгаа гуйлганы, хамаатан садны холбоо сүлбээ, эсвэл ажилтнуудын дунд ямар нэгэн үл ойлголцол, нэг нэгнийгээ өсч дэвжихэд хаалт, саалт болж байгаа зүйл танай байгууллагад байна уу? Энэ хэний буруу вэ? Сайн даргынх байж магадгүй шүү. Дарга хувиа эзэмшээд ч юм уу өөр юм хийгээд, өөр хүнээр компанийг удирдуулвал ямар байсан юм бол? Хэн нь чухам шилдэг юм бол оо?...


Цааш унших...

February 2, 2009

Чулуун Арслан...

Би өдөрт хамгийн багадаа 1 удаа ХХААХҮЯ-ны урдуур алхдаг. Тэнд байдал хэвийн л байдаг. Саяхан нэг анзаарсан чинь ядчихсан хэдэн багананы урд ядарсан хэдэн арслан тавьчихсан байх юм. Аль газрын ямар чөтгөр нь архи гээч эдийг бий болгосон юм бол оо гэгчээр аль газрын ямар дарга нь чулуун арслан тавих санаачлага гаргадаг байна аа?
Их дэлгүүрийн урд, Зоос банкны урд гээд хэдэн сайхан том арслан бий. Өнгө үзэмж ч сайтай. Гэхдээ та нар бодоод үз л дээ. Төрийн байгууллагын өмнө ард түмнээ арай л доромжилж байгаа юм шиг хоорондоо 1 метр гарантай зайтай багануудын өмнө арслангуудын тавьчихсан нь инээдтэй биз дээ.
Ухаангүй ухаангүй гэхэд ийм үйлдэл хийхээ ядаж больмоор юм. Тэгээд нэг их өөрсдөө ашиг олоод тэрнийгээ зарцуулчихсан юм шиг бахархаж ярьцгааж байгаа байх даа.
Нэр цохож эсэргүүцэл илэрхийлсэнд төрийн албаныхан уучлаарай.
Үүний зургийг Ганзо ахыгаа аваад нийтэлчихээрэй гэж хүсье. Зураг оруулах гээд чадсангүй. Миний халааснаас байнга авдаг мөнгийг зүгээр нэг чулуу болгоод хашааны нохой мэт тавьсанд үнэхээр их харамсаж байна.


Цааш унших...

January 30, 2009

Орчуулга :)

Дэлхий даяараа нэг хэлтэй байдаггүйн харгайгаар хөгжил дэвшил хүртэл удаан явагддаг тал бий. Ялангуяа онолын ойлголтууд, нэр томьёонуудыг орчуулах гэж нэг айхтар асуудал байдаг бололтой. Би энд Rent Seeking /Ашиг хонжоо хайх гэж орчуулав/ гэдэг зүйлийн талаар өгүүлсү.
Эдийн засгийн онолд, тэр дундаа микро эдийн засгийн онолд Монополийн тухай олон загваруудыг тусгаж өгдөг. Эдгээр загваруудын нэг нь үнийн ялгаварлал юм. Монополь пүүс ялгаатай хэрэглэгчдэд ялгаатай үнүүдийг санал болгохыг үнийн ялгаварлал гэж хэлдэг.
Үнийн ялгаварлалыг /price discrimination/ төгс болон төгс бус үнийн ялгаварлал гэж хоёр ангилдаг.
Монополь пүүс үнийн ялгаварлал явуулсанаар хэрэглэгчийн хожоог үйлдвэрлэгчийн хожоо болгож хувиргадаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж өөрийн ноёрхлыг ашиглан тэдний хүртэх боломжтой байсан таатай байдлыг өөрийн болгодог гэсэн үг. Уг үйл явцыг Rent Seeking гэж нэрлэдэг. Шинэ сонгодог онолын үүднээс энэ талаар товчхондоо ийм тайлбар өгдөг.
Харин институцийн онолын үүднээс үүнийг тайлбарлахад нилээд ойлгомжтой дүр төрх гарч илдэг. Манай орны жишээн дээр албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хээл хахууль авах боломж өндөртэй байдаг төрийн алба бол үүний нэг жишээ.
Төрийн албан хаагч болж, өөрийн эрх мэдлээ ашиглан хээл хахууль авч байгаа нь тэр хахуулийн мөнгийг өөр хэн нэгэн өөрт ашигтай зүйлд зарцуулах байсан боловч түүний тэрхүү мөнгийг тухайн төрийн албан хаагч албан тушаалаа ашиглан булааж авах явдал нь төрийн алба руу улайран зүтгэх хүмүүсийн Rent seeking-г харуулж байна.
Институцын үүднээс үүний шалтгааныг тайлбарлавал засаглалын алдаа, гэрээний бүрэн бус байдал, институцийн буруу тогтолцоо гэж тайлбарладаг.


Цааш унших...

January 22, 2009

Эрх чөлөөний нэгэн эргэцүүлэл...

Яг одоо үүнийг анхааралтай уншиж буй танд зориуллаа. Эргэцүүлж үзээрэй гэж хүсье.
Эрх чөлөө гэдэг нэрийг бодвол дураараа байх, чөлөөтэй байх, эрх эдлэхийн нэр баймаар санагддаг юм. Гэхдээ эрх чөлөөтэй байна гэдэг нь эрх чөлөөгүй байхын нэр гэж Сократ хэлсэн нь юутай үнэн юм бэ.
Жишээлбэл санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд хүмүүс бусдын хүртэж болох боломжуудыг өөрийн болгож эхэлдэг. Энэ талаар өмнө нь ёс зүйн гажуудал дээр дураж байсан. Хахуульд өртөж байгаа хүн гэдэг бол тэр мөнгийг өөр хэн нэгэн хүртэх байсныг булааж авч байгаа хүнийг хэлж байгаа юм. Үүнийг нэрлэдэг эдийн засгийн мэргэжлийн хэллэг ч байдаг.
Өөр зөндөө эрх чөлөө бий. Эдгээрийг ярих бүрт заавал хариуцлага гэдэг зүйл дагалдаад гараад ирнэ. Гэхдээ алийг нь түрүүнд нь тавиж байгаагаас шалтгаалаад шударга байдал гэдэг зүйл бас гараад ирнэ. Хариуцлагадаа уялдуулан эрх чөлөөг бий болгодог бол тэр шударга байдал гэж би боддог. Харин хариуцлагыг үл ойшоон эрх чөлөөг эдлэх нь шударга бус байдал. Ингээд бодохоор надаас эхлээд бүх л хүн шударга биш болно.
Дэлхий дээр эрх чөлөө, хариуцлагыг хэн ямар хэмжээгээр илүүд үзэж байна тэр хүнийг сайн, муу, үнэнч, хуурамч гэж ангилаад, үүнээс шалтгаалуулаад албан тушаал оноодог байсан бол хүн бүр шударга, хариуцлагатай байх биз. Гэтэл хүнийг зөвхөн эдгээрээр үнэлэх боломжгүй зүйл.
Би эрх чөлөөтэй байна гэдэг нь өөрт байгаа боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахын нэр биш. Харин өөрт байгаа эрх чөлөөгөөр бусдын эрх чөлөөнд заналхийлэхгүй байж чадвал би эрх чөлөөгөө хамгийн ихээр эдлэж байгаагийн нэр юм.
Тэгвэл хүн бүр ийм байж чаддаг уу гэсэн асуулт гарч ирнэ. Эрх чөлөөтэй байна гэдэг нь боломжтой байна гэдгийн бас нэг өөр нэр. Боломжоо ашиглаж чадаагүй яаваа нь тухайн хүний буруу юу? Мэдээж бүх нөхцөл нь бүрдсэн бол тэр хүн боломжоо ашиглаагүй нь түүний буруу. Харин би тэр хүний эрх чөлөөг хүндэтгэн түүнд боломж олгосон ч түүнийг сонголт хийхэд өөр хэн нэгэн заавал нөлөөлж байдаг ба үүнээсээ шалтгаалаад эргээд л нөгөө хүн боломжоо эдлэхгүй байх магадлал маш өндөр байдаг.
Эндээс харахад хэн их эрх чөлөөтэй байгаа нь боломжийг булааж хэрэглэх бус, харин боломжийг түрүүлж хэрэглэж байгаагийн нэр юм биш үү? Энд мэдээж шударга л хандсан байх ёстой.
Ингээд яривал дараа шударга гэдэг зүйлийн талаар дахиад өгүүлэх хэрэг гарна биз... Хэдхэн үгийг хэт давтсан нийтлэл болсон ч нэг зүйлийн талаар эргэцүүлэхийн тулд ийнхүү бичлээ.


Цааш унших...

January 13, 2009

Засгийн газар буюу Төрийн мөн чанар...

Та бүхэнд Монгол улсын үндсэн хууль батлагдсан өдрийн мэндийг хүргэе.
Төр, иргэний нийгэм, ардчилал гэхээр миний толгой эргээд байдаг юм. Гэхдээ энд хүмүүсийн нийтээрээ мэддэг ч тэр бүр хэлдэггүй нэг жижиг зүйлийг ярих бодолтой байна.
Төр яагаад үүсч бий болсон бэ? Дорж, Бат 2 нийлээд төр байгуулж чадах уу? Чадахгүй. Тэд сайндаа л бизнес эрхэлнэ. Тэгвэл яагаад төр үүссэн юм бол? Ямар боломж бий болов? Төрийг атгаг санаатай хүмүүс бий болгов уу, сайн санаатан бий болгов уу? Та бодоод үз дээ?
Би жаахан мөнгөний талаас нь статус үүсгэх гээд үзье л дээ. Эдийн засагт бол төр, ард түмнээс мөнгө авч амьдардаг паразит. Яг л хоол боловсруулах эрхтэнд байдаг шимэгч хорхой гэсэн үг.
Тэр таны хоолыг л хурдан задалж, хурдан боловсруулахад туслах үүрэгтэй. Төр ч мөн адил таны ажил хэрэгт аль болох таатай нөхцөл үүсгэх, ингэхдээ бусдын эрх ашгийг бас эн тэнцүү харах гэсэн зарчим үйлчилж байх ёстой гэж би боддог.
Бид нар Төрийн Сан гэж нэг айхтар том сан байдгийг мэднэ дээ. Ээ хөөрхий төрийн минь сүлд өршөөг гэдэг шиг Төрийн Сан минь аварч хайрла гэдэг үе хаяанд ирчихээд байна. За эцэг эх нь төрөөс цалингаа авдаг оюутнууд бол бүр ч төрийн сан гэдэг юмыг тахин шүтэхээс аргагүй, түүнийг тараадаг эрх мэдэлтнүүдийг хамаатан садан шигээ үзэхээс өөр аргагүй байдалд бүр л их хүргэж байна.
Саяхан манай сэхээтэн, олонд танигдсан эдийн засагчдын нэг МХАҮТ-ийн Дэмбэрэл гуай ярихдаа шинээр танхим барьж өгсөн засгийн газартаа баярлалаа ухааны юм ярилаа ш дээ. Ээ боль л доо. Бидний мөнгө шүү дээ энэ чинь. Бидний л халааснаас бүгд гардаг шүү дээ энэ бүгд чинь.
Бид дэлгүүрт ороод ширхэг будаа авахдаа хүртэл Нэмүү Өртгийн Албан татвар талдаг хүмүүс. Бид хөдлөхдөө хөлс гаргадаг. Тэр гаргасан хөлсний маш бага хувийг ч гэсэн төр хүртэж л байдаг. Ийм шулаач төр байгаад хэрэг байна уу даа?
Бид анзаардаггүй болохоос бидний худалдан авч байгаа бүтээгдэхүүний үнэнд бүх төрлийн татварууд буюу төрийн халдвар халдчихсан байдаг юм.
Би татварыг эсэргүүцэж байгаа юм биш. Гэхдээ арай л хэтэрхий байна. Ажлаа хийж чадахгүй төрд мөнгө өгч яах юм бэ? Төр бол ард түмэнд үйлчилж байх ёстой, хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл. Тэд өөрсдийг нь цалинжуулагч ард түмнээсээ хараат байх ёстой байтал ард түмэн нь төрөөсөө хараат болсон өнөөгийн нийгэмд үндсэн хууль байх нь бараг инээдтэй зүйл болоод байх шиг.
Гэхдээ миний дээр дурдсан үндсэн хууль бол нөгөө нь чөлөөт, иргэний ардчилсан нийгмийн үндсэн хууль байх ёстой. Манай үндсэн хуулийг анх тийм л зорилгоор гаргасан гэж найдаж байна.
Танд энэ бүгд бага ч болов эргэцүүлэх АГААР өгсөн гэдэгт найдаж байна.
Анхаарал таввсан явдалд баярлалаа.


Цааш унших...

January 9, 2009

Би сэрүүн байна буюу онолын нэгэн эргэцүүлэл

Саяхан Монголын Үндэсний Телевизийн цагийн хүрдээр үнийн өсөлтийн талаар мэдээлэл бэлтгэснийг харлаа. Дугай байж чадахгүйнээ. Үнэндээ мэргэжлийн сурвалжлагчтай болмоор л байна шүү дээ. Тэгээд мэргэжлийн хүмүүсээ яриулаад тэднийхээ яриаг хасаж танахгүй байх хэрэгтэй шүү дээ.
Инфляци явагдахаар юмны үнэ өсч эхэлдэг, харин Дефляци явагдахаар юмны үнэ буурдаг гэж тайлбарлаад байхдаа яахав дээ. Эдгээр нь зүгээр л онолын нэршил юм байгаа юм. Тэгтэл яг л эсрэг циклонуудын үйлчлэлээр салхи үүсдэг гэдэг шиг л тайлбар өгсөн байгаа биз дээ. Үүнийг энгийн хүмүүс Инфляци гэдэг юм байдаг ба тэр нь гараад ирсний дараа үнэ өсч эхэлдэг л гэж хүлээж авна.Ингэж болохгүй ээ найзууд аа.
Жишээлбэл өмнөх сард юмны үнэ дунджаар 4% өссөн, дараа сард нь 2% өссөн бол үүнийг бид дефляци гэж нэрлэх болж байна уу? Арай ч дээ. Ядаж өсөлтийн хурд буурсан гэж хэлж болдоггүй юм байх даа. Тэнд Орхон их сургуулийн залуу арай дөнгүүр юм ярьсан шүү харин.
Нэмээд хэлэхэд ерөөсөө зах зээлийн хүч гэдэг бол үнэ, тэр дундаа үний өсөлт юм шүү дээ. Юмны үнэ өсч байж гэмээнэ л цаашдаа үйлдвэрлэгчид урамшдаг, тэдэнд ажиллаж байгаа бидний цалин хөлс нэмэгддэг гээд л тэр чигээрээ ХҮЧ болж өгдөг.
Фридман гуай ярилцлаган дээрээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮЧ ГЭДЭГ БОЛ ЕРДӨӨ Л ХҮЧ, ТҮҮНИЙГ БИД САЛХИНЫ ХҮЧТЭЙ ЗҮЙРЛЭЖ БОЛНО, ТҮҮНИЙГ БИД ЭСЭРГҮҮЦВЭЛ ЯМАР ҮР ДАГАВАР ГАРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ гэж хэлж байсныг бичлэгээс нь үзсэн юм.
Юмны үнэ буурч байна гэдэг бол хямралтай байгаа өнөөгийн нийгэмд л байдаг зүйл.
За энэ хүргээд өндөрлий. Энэ талаар эргэцүүлэл байвал хэдүүлээ сэтгэгдлээр үргэлжлүүлье дээ.


Цааш унших...

December 10, 2008

Moral Hazard

Зээ өнөөдөр оршилгүй бичнэ ээ...(гэж ирээд л оршил хэлдэг хүн шүү дээ би)
Ёс зүйн гажуудал гэж бид орчуулаад байгаан юм. Би бага байхдаа нэг цагаан цамцыг хичээлдээ байнга өмсдөг байлаа. Цамцны маань зах сүүлдээ хэт их угааж индүүдэн өмсснөөс болоод (мэдээж асар удаан өмссөн хэрэг байх, дээрээс нь бас бус хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзвэл) зах нь сэмэрч урагдаж билээ. Аав маань ээ зайлуул мараалын элэгдэлд орчихжээ гэсэн юм. Ингэж би энэ зүйлтэй анх бодит байдлаар танилцаж билээ.
Гэхдээ цамц биш "хүн" л амархан элэгддэг эд дээ. Шууд утгаараа элэгдэх биш л дээ. Өнөөдөр төсөв мөнгө хуваарилах, албан тушаалаараа дулдуйдах гэх мэт үр ашгаас шалтгаалан, хүн бүр л төр лүү зүтгэж байна. Энэ бол байгаа таван төгрөгөө зарж үрээд, ямар ч хамаагүй намаас, эсвэл өөрөө нэр дэвшээд ч болтугай гараадхий л гэж хүн бүр ойлгодог болсноос үүснэ.
Банкнаас ямар ч аргаар хамаагүй зээл авах ёстой гэж боддог болоод байгаа нь ч бас л морал хазард.
Нэг ийм сонгодог жишээ байдаг юм:
Даатгуулагч өндөр төлбөр төлдөг, түүнээсээ улбаалаад нөхөн төлбөрөө өндөр авах бол даатгуулсан эд зүйлдээ хайнга хандаж эхэлнэ. Жишээлбэл жолоочийн хариуцлагын даатгал бол шууд л ёс зүйн гажуудалд оруулна. Нөгөө нэг эгнээ барихгүй, дохио өгөхгүй гэх мэт энгийн жижг алдаануудыг шууд л хийдэг болгоно.
Банкны хадгаламжийг төр даатгаж байгаа нь ч гэсэн бас ийм л байдлыг үүсгэнэ.
Тэр ч байтугай Дагвадорж бол мундаг, ид байна. Ойрдоо Даваадоржид бууж өгөхгүй гэдэг ч бас л морал хазард.
Нэг талаасаа энэ нь туйлшрал гэдэг үгтэй дүйж байгааг та анзаарсан биз дээ.
Тэгхээр эдийн засагт хүлээлт гэж айхтар зүйл байдгийг та бүгд мэднэ. Тэр зүйл чинь мангас ч байж болно, бурхан ч байж болно. Бид өөрсдөө ямар нэгэн зүйл хүлээгээд тэр нь биелбэл баярлаж, биелэхгүй бол гутарч, бүр зарим нь өөрөө бодож олчоод үнэн юм шиг үйлдэл хийгээд нийт эдийн засгийн системийг өөрчилчихнө. Жишээлбэл маргааш юмны үнэ өснө гээд хүлээчихвэл шууд өнөөдөр эрэлтээ нэмэгдүүлнэ. Ингэхээр эрэлт өсжийгаам чинь дагаад юмны үнэ бага ч гэсэн өсдөг л байхгүй юу. Иймээс зөв хүлээлт, буруу хүлээлт гэж бас байдаг байх шүү хүмүүс ээ.
За хүн уйдаад унтахаар юм биччихлээ. Сорри. Тэвчээртэй уншсан бол баярлалаа.
Өө нээрээ тийм хэлэхээ мартах гэж байна. Зурган дээр дараад томруулаад харчихаарай. Бүр ойлгомжтой байгаа.


Цааш унших...

December 6, 2008

Women in Life

Эрчүүд аан гээд уун гэж бай. Ингэжийнаа цаана чинь.

Эрчүүд хийсэн хөдөлмөрийнхөө 70-с дээш хувийг ямар нэгэн байдлаар үнэлүүлж авдаг, харин эмэгтэйчүүд хийсэн ажилынхаа 30-40 хувийг л үнэлүүлж авдаг. Тэд нийгмийн нийт баялгийг бүтээхдээ бас л ойролцоогоор 1:1 гэсэн харьцаатай бий болгодог ба хуваарилалт буюу Засгийн газрын түвшинд очихоор 76-ийн 2 нь л эмэгтэй байдаг нь инээдтэй.
Түрүүчийн хөдөлмөр гэж ярьхад гэр орны ажил, хүүхдээ харах, хэн нэгэнд халамж, санаа тавих зэрэг нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд оногддог. Тэд үүндээ мөнгө нэхдэггүй. Угаасаа ийм байх ёстой юу гэвэл бас л үгүй.
Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил зэрэг нь мөн л эхчүүдээс үүдэлтэй байдаг. Тэр ч байтугай эр нөхрийн амжилт олох хүртэл яв явсаар эмэгтэй хүнд л тохогддог зүйл.
За эцэст нь хэлхэд хэрвээ тэд энэ бүх ажилыг хийхгүй, хүнтэй суухгүй, хүүхэд гаргахгүй бол тэдний гэртээ суух, хүүхэд харах, нөхрөө халамжлах цаг багасах ба ингэснээрээ илүү амжилтанд хүрэх магадлал нь өснө. Жишээлбэл та нар Кандализа Райз гэдэг хүүхнийг мэднэ биз дээ. Гэх мэтээр амьдрал дотор амьдралын өөр нэг өнгө байдгийг багш маань надад өгүүлснийг маш товчоор уламжилж дууслаа.


Цааш унших...

November 17, 2008

Яриаг ажиглахуй...

Тэд ярьж байна. Би ч бас. Хүмүүс ярьсан.
Ингээд бодохоор хүний үйл хөдлөл, сэтгэлгээ яриагаар илэрдэг гэдэг үгтэй холбохоор бүүр сонин үр дүн гарах шинжтэй.
Хүн өөртөө итгэлтэй, өөрөө хариуцлага хүлээх өндөр чадамжтай бол ийм байдаг, ийм байх ёстой гэж ярих тал бий.
Харин өөртөө итгэлгүй, эсвэл өөрийгөө буруу ярьж байж магад гэж эргэлздэг ихийг мэдэгчид Тэр тэгж хэлэхдээ ... энэ магадгүй ийм ийм ... тэр тийм байж магадгүй гэж ярьдаг.
Харин мэддэггүй хүмүүс өөртөө итгэлтэй хүмүүс шиг, эсвэл хариуцлагын чадамжтай хүмүүс шиг бас хөшүүн юм ярих тал бий.
Энэ гэхдээ юу ярьж байна гэдгээс маш их шалтгаалдаг биз. Байгалийн шинжлэх ухаан яривал голын нөхөд гологдох тал бий. Харин нийгмийн шинжлэх ухаан, аливаа юмны учир шалтгааны талаар эргэцүүлэл хийхэд бол сая гологдоод байсан нөхдүүд гялалзаад ирэх нь бий.
Нэг талаасаа Тэр хүн (мэдээж алдартан байх) хэлэхдээ ингэсэн, тиймээс ийм байдаг ч гэх юм уу иш татаж ярих нь сайхан л зүйл л дээ. Мэдээж ярих гэж байгаа санаагаа улам бататгаж яриад л ... Аан нөгөө талаас харвал тэр хүний хэлснийг чи давтаж хэллээ гээд чи өөрийгөө, үзэл санаагаа цэвэр илэрхийлэхгүй байна гэсэн үг бус уу?
За за үг олдлоо. Одоо цааш нь хөврүүлээд байвал юу хүн уншаад эргэцүүлэх байтугай гол санааг нь ч олохоо байх биз...


Цааш унших...

November 10, 2008

Учиртай... гэж

Алтан дэлхийд төрсөн минь учиртай

Аавын гэрийн амар тайвныг эвдээд би

Ачит эхээ арван сар зовоосны эцэст

Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би

Алтан дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгийг нь няцлаад

Гэрсүү сууж ухаан орсныхоо эцэст л

Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Адуу манаж дассан атархан тал нутагтаа

Анхныхаа дурлалтай учирч эмзэг сэтгэлээ уяраагаад

Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм би

Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Тоост хорвоод төрсөн минь учиртай

Тохойн чинээхэн үрийнхээ шөнийн уйлахыг сонсож

Төрсөн эцгийндээ авч ирсэн зовлон баяр хоёрыг

Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм аа би

Тоост хорвоод төрсөн минь учиртай

Дуулим хоорвоод төрсөн минь учиртай

Дуулаж суугаад ээжийнхээ уйлхыг нь үзэх гэж

Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд

Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би

Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай

Хүлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж

Хүүгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан гэж

Хойч үеэрээ ам бардам хэлүүлэх гэсэн юм би

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай


Цааш унших...

November 5, 2008

Ээ бид яах байсан бол оо?...

Тэр ялсан. Бид мэдсэн. Гэхдээ АНУ-ын иргэд бас л шал өөр байна шүү.
Тэдний сонголт мэдээж ухаалаг байдаг байх л даа. Мэдлэгтэй сонгогчид гэдэг манайх шиг ийм юм гаргах нөхцлийг бүрдүүлэхгүй л байсан. Магад 7/1 бидний л муугийнх биз.
Түүхэндээ анх удаа өнгөт арьстай хүн дэлхийн хамгийн хүчирхэг орны тэргүүн боллоо.
Бид нэг Тува бөх ирээд дэвжээн дээр 2 давхад яаж уурсаж бухимдаж байлаа даа. Хөөрхий тэр Япончууд харин ч өрөвдөлтэй царайтай харагдах ч цаанаа Сумогоо хүндэтгээд л мэхийгээд л дээдлээд л яваад байна...
Тэгвэл ийм байж болох уу?
2010 оны сонгуулиар Буриад хүн, эсвэл Казак хүн, бүр эсвэл Хятадын эрлийз гэдэг нь тогтоогдсон Монгол хүн нэр дэвшвэл бид яах вэ?
Хээ бүү үзэгд тэр мөчийг би ч төсөөлж чадахгүй байна. Бид ийм л хүмүүс...


Цааш унших...

October 31, 2008

Бууяааааааааа...

Та нар энэ хүнийг мэднэ биз дээ. Бууяааа... гэж хашхирдаг хүн чинь энэ шүү дээ.
Тэгвэл найзад нь өчигдөр ийм юм тохиолдлоо.
Ардын эрхийн буудал дээрээс такси барих гээд зогсож байтал дээрээ доороо өнгө өнгийн гэрэлтэй, ямар рэйс ч гэнэ үү бичигтэй хар аксент ирдэг байгаа. Суутал 2 залуу мар мар хөхрөөстэй.
Тэгээд хөдлөөд л аажуухан явлаа. Машины дуу чимээ ч гэж сүртэй. Ээф нэг л гэсэн үг.
Тэгсэн урд Lexus Altizza билүү нэг спорт загварын талдаа машин баавартай зам хашаастай. Нөгөө 2 залуу энэ ямар баавартай байна аа гээд хажуугаар нь шахаастай. Тэгснээ нөгөө 2 чинь шууд л урд хойноо орж уралдаад эхэлдэг байна шүү. Орой замын хөдөлгөөн арай л багассан байсан даа.
За тэгээд л нөгөө 2 чинь хаазаа тултал гишгээстэй. Машины хүч ч гэж маягтай. Арын суудал дээр суусан АХ ХҮҮ суудалдаа шигдээстэй. Хамаг биеэ чангалаад дээд бариулаас тас зуураастай. Ёоооооё бурхан минь БУУУУУУУУЯАААААААААА.... гэж л хашхирмаар байсан даа. Бушуухан л орцны үүдэн дээр буугаад бодож байснаас 500₮-р илүү хэлхээр нь дугай л шидчээд л буусан даа.
Ээ бурхан минь тэгж яваад мөргөлдсөн бол дотор эрхтэн гэмтээд, дээрээс нь гар хөлөө хугалаад хачин юм болно шүү дээ. Фффффүүүүүүүүүүүүүүүүүүүү............ Сайхан амьсгаа аваад орхиё. Бодхоос ч эвгүй ээ...


Цааш унших...

October 29, 2008

Great Depression


Хүн гэдэг санааны амьтан.Нийгэм ч бас л ийм.
Эртээ дээр үед Кэйнз ах Эдийн засаг гэдэг нүсэр том машин гэсэн утгатай үг хэлж байсныг хожим Кэннэди авга индэр дээр гаран давтан хэлж байсан байна. Үнэн үг биз дээ тэр агуу хүн хэлсэн юм чинь.
Эдийн засгийн систем яг л мод хөрөөдөхтэй адил. Чи татаад би татаад байвал бид модоо хөрөөдөөд байна. Харин чи хөдлөхгүй бол би яаж ч мачийгаад жаахан л явуулна. За тэгээд л ХЯМРАЛД орно.


Хэн нэг нь хаа нэгтэй газар юмыг үйлдвэрлэх хэрэгтэй. Түүнийг хэн нэгэн заавал авах хэрэгтэй. Харин энэ наймааг хийхэд хэрэгтэй байгаа мөнгийг хэн нэгэн нь хэвлэх хэрэгтэй. Чи өнөөдөр нөөцийнхөө үнээр дулдуйдаж авгай, хүүхдүүдэд, ядарсан зүдэрсэн хүмүүст туслах нь зөв ч гэсэн чи хуримтлал хийх хэрэгтэй. Чиний зэсийг хэн нэгэн авахгүй байх үе хэзээ нэгэн цагт ирнэ. Үнэ нь буурна гэсэн үг. Яагаад гэвэл хүн өөрийнхөө бодож олсон юмнаас болоод заавал нэг сөрөг үр дүнд хүрдэг. Ингээд чи одоо хэцүү үед туулаад гарах мөнгөгүй бол чамд найдах хэрэг алга. Өөр ямар нэгэн гарц хайх хэрэгтэй.
Энэ зургийг харж байна уу?
Энэ бол ажил хаялтын Англи өвчний л зураг. Эд ажиллахгүй бол юм шинээр бий бага бий болно нэг талаас. Гэтэл эд мөнгөгүй юм чинь яах билээ? Юм худалдаж авахгүй. Тэгхээр хэн хямрах билээ? Юмаа зарах гэж байгаа хүн. Энэ дунд хэний мөнгө багасах билээ?Татварын байцаагч увайгүй төрийнхөн. Ингээд л эдийн засаг гэдэг аварга том машины нэг эд эс чи хямарлаа. Дараа нь эдийн засаг хямарлаа. Ердөө л энэ. Энгийн нүдээр бол ингэж л бууна.

Баабар ах ийнхүү хэлсэн байна л даа:
Дэлхийд дээгүүр орох, хэдэн зуун тэрбумын эргэлттэй Ийст Эйшиа банк 200 хүрэхгүй
сая долларын алдагдал хүлээжээ. Энэ бол тэр том банкинд харь­­цангуй
бага алдагдал. Гэвч нэг нь молотов шидэж гарав. Молотовын эзэн
ба­ривчлагдсан л даа. Гэхдээ л сандрал нэгэнт эхэлж хүмүүс банкнаас мөнгөө
татаж эхлэв. Гурав хоногийн дараа энэ асар том банк дампууралд туллаа. Төр
засгаас арыг нь даана гэж тайвшруулж байж арай гэж нэг тогтоож авсан. Хэрэв энэ
банк дампуурсан бол араас нь бусад нь сүйрч гинжин урвал болох байв. Зүйрлэвээс
том зааланд би­түү хүн кино үзээд сууж байтал хэн нэг нь "гал гарлаа" гэж
орилбол юу болох вэ? Үнэхээр гал гарч байгаад ингэж сандрал үүсгэвэл хү­мүүс
ганц хаалган дээрээ овооролдож хэн ч гарч ча­далгүй угаартаж үхдэг.
Сүр­гийн сандрал гэдэг ийм аймшигтай. Энэ тухай Гүр­жийн нэг гоё
баримтат кино байдаг сан. Бүх амьтан хаа­шаа ч юм зугтаагаад л бие­нээ
дайрч алаад л. Гэтэл хамгийн анх могойноос цоч­сон зааны тугал орилж, эх нь
сандарснаас эхтэй юм би­лээ л. Уг нь хямрал бол шинэ гарааны эх байдаг
болохоос мөхлийн үүд биш. Хямрал гэдэг үгийг хятадаар "аюул", "боломж" гэсэн
хоёр ханзаар илэрхийлдэг


Цааш унших...

October 27, 2008

Тэд

Манай нэг танил ингэж бичиж байна л даа:

Бороо

Хөрстийн зүүд биелж бороо оров
Яг л над дээр чи ирэх шиг ...
Газрын зүүд биелж бороо оров
Яг л чам дээр би очих шиг ...


Сайхан л дөрвөн мөрт байна.
За тэгтэл яасан гээч Нэг хүн ороод сэтгэгдлээ ийнхүү бичиж байх юм:
----------удаан хүлээсэн бороо аргадангуй зөөлөн шиврэнэ ... хорьж дийлэхгүй хүслийг дэврээн үймүүлж орхино ...
Гэтэл манай найз хариуд нь ингэж бичих юм:
----------дэвэрч үймэрсэн хүсэл сэтгэл зүрхийг ноёлж ... дийлж давшгүй хүчээр бодлын харгуйг эвдэнэ ...
Тэд яагаад ийм, би яагаад ийм байгаа юм болоо? Гайхалтай шүү.


Цааш унших...

October 17, 2008

Баярлалаа

Бид энэ үгийг өнөөдөр их олон хэлдэг болжээ. Арай өнгөрсөн үеийн хэллэгээр бол Гялайлаа гэдэг үгийг.
Намайг хөглөж надад урам зориг өгсөн, хорсол зэвүүцлийг төрүүлж намайг хурцалсан хүмүүстээ баярлалаа. Хорвоогийн нарийн явлуудын учир утгыг олоход тусалж байсан эрхэм багш нар, найз нөхөд, шавь нартаа гялайлаа.
Энэ биеийг маань төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Ухааныг минь бас ургуулж өгсөнд баярлалаа.
Өнөөдөр надад ухаарал хайралдаг, маргааш надад ухаарал хайрлах, ба ухаарлыг магад надаас авах хүмүүс та нартаа дахин дахин талархлаа. Талархах ч болно.


Цааш унших...