February 18, 2014

Авилга ба Алдагсан боломж

Хөгжлийн тухай өдөр бүр л бодох нь сүүлдээ стрессдүүлэх шинжтэй. Гэхдээ Монгол хүн бүр үүнийг бодож явбаас зохих гэдгийг хэлэхэд илүүц биз!
Цөөхөн Монгол хөгжихөд саад тушаа болж байгаа зүйл бол авлига. Авлигад мэдээж сайн тал байдаг. Онолын хувьд авилга бий болсноор хэлэлцээрт хурдан хүрч, хоёр тал ашигтайгаар тэнцвэр тогтдог гэж үздэг. Гэхдээ авлига их байх нь хэрэглээний буруу бүтцийг бий болгодог учраас хөгжилд төдийлөн нөлөөлөхгүй, тансаг хэрэглээний зүйлсээр хөрөнгө оруулалт алдагдаж, мөнгөн урсгал гадагшлах төлөв ажиглагддаг. Үүнийг бид үнэтэй брэндийн дэлгүүрүүд, үнэтэй машинуудын зам дээрх бөглөрлөөс бэлхэн харж болно. Эдгээр нь авилгын маш тодорхой индикатор болдог.
Барын зулзгыг бага дээр нь гэгчээр авлига гээчийг бага гэлтгүй авч гаршихтай тэмцэх нь эхний алхам юм шиг санагддаг. Төрийн үйлчилгээтэй холбоотойгоор авлигын эсрэг хөтөлбөр батлагдаж, элдэв хууль гарч, агаар дээгүүр авлигыг багасгаж байна. Гааль, татвар, элдэв хяналтын байгууллагууд, зөвшөөрөл олгодог байгууллага, гээд хууль сахиулах чиглэлийн бүх л байгууллагууд идэгдээд удаж байгаа. Түүх ярьвал энэ бүр дээр үед ембүү барьж жинс горилохоос эхлээд байсан л зүйл...

Тэгвэл энд авилгаар буюу албан бусаар бусдад шилжсэн орлогын хэмжээг баримжаалах, улмаар энэ хэмжээний мөнгийг албан урсгалд оруулж, хөгжилд нэмэрлэх санаа надад байдаг юм. Бага цалинтай, байрны нөхцөл муу хүмүүст баргийн хууль үйлчлэхгүй авлигаа авсаар л байх хандлага ажиглагддаг. Тэгвэл нөгөө шалтгаан руу нь тарилга хийх хэрэгтэй. Цалин, ажлын нөхцөл, байрны нөхцөлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ албан бусаар эргэлдэж, ихэнхдээ гадагш урсаж буй мөнгөн дүнгээс бага, болж өгвөл дээд тал нь 50% байх талаар анхаарах хэрэгтэй. Үүн дээр нөгөө ухаалаг төрийнхөө зарчмуудыг нэмээд явчихвал 30% руу ч оруулаад ирчихэж болох байх.

Товчхондоо жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх боломж байсаар байгааг бид зүрхэлж ярихгүй байгааг л би сануулж байгаа ухаантай. Хүн хэдий шуналтай ч шударга хөдөлмөрөөрөө сайхан амьдрах боломж байвал шоронгийн айдастай амьдрахаас илүүд үзэх байх гэсэн бодол минь л ийн бодоход хүргэлээ.

0 Сэтгэгдэл: