February 14, 2014

Араатан ба золиос

Хэдэн жил блогоо хөтлөлгүй явсандаа хүлцэл өчье.

Өнөөдрийн постыг би байгалийн жамын талаар товхон тайлбарлах зорилготой бичиж байгаагаа эхлээд хэлчихье. Ер нь хүчтэй нь хүчгүйгээ гэдэг нь байгалийн хууль. Ухаантай нь мунхагийгаа гэвэл хүний хууль болох байх.

Математикт "Араатан ба Золиос" гэдэг тэнцвэрийн загвар бий. Маш ойлгомжтой, энгийн. Товчхондоо нэг бүс нутагт хоёр өөр зүйл амьдардаг бөгөөд нэг нь нөгөөгийнхөө золиос буюу идэш тэжээл.
Золиос, араатны тоо хоёлаа тэнцүү гэж үзвэл цаг өнгөрөхөд золиос нь цөөрч, араатан нь идэш тэжээл идсэнийхээ хэрээр тоо нь өсч олширно. Улмаар золиосын тоо хурдтай буурна. Энэ тохиолдолд араатны идэш хомсдож үржлийн тоо багасна. Харин байгалийн жамаараа золиосын тоо илүү олон болно. Ингээд л байдал өмнөх шигээ циклдэж эхэлнэ. Ердөө л ийм.

Үүнийг мэдээж баяжуулж болно. Тийм загварууд ч зөндөө бий. 

Эхлээд үүнийг зээр, чонын тоотой холбож үзье. Чоно, зээр хоёрыг нэг бүс нутагт байгаа гэж үзвэл айлын хотонд орохгүй өвчтэй, дорой зээрнүүд түүгдээд шүлхий мэтийн өвчний гол тээгч зээрийг байгаль өөрөө арилгаад явчих боломжтой. Гэтэл бид зээрийг нь ч хөөж буудаад, чонын ч хөөж буудаад амар заяа үзүүлэхгүй болохоор энэ хоёр нэг бүс нутагт байх магадлал багасчихна. За дээрээс нь хонио мэдээж манахгүй бол хурдан давхидаг зээр хөөснөөс, хонь хуссан нь дээр ш дээ чононд бол...

Ерөөсөө байгалийн хуулийг алдагдуулна гэдэг өөрөө сөрөг үр дагавартай... Байгаль дээр алдаатай тооцоологдсон зүйл бараг байхгүй гээд хэлчихэд болно.

За цаашилбал үүнийг нийгмийн амьдралд оруулаад ирж ч болно. Өнөөх төр яагаад Том байснаа Ухаалаг болохоор шийдэв? Хаашдаа төрийн хүчээр далайлгаад олз олж идэх нөхцөл нь багасч байгаагаар би тайлбарламаар санагдаад байгаа юм... Шилжилтийн үед төрийн эрх мэдлээр бүгдийг барьж идэж болдог байсан. Гэтэл улс хөгжөөд, гаднаас мэдлэг хуримтлагдаад, туршлага суугаад ирэхээр яалт ч үгүй хоол олж идэхэд бэрх цаг ирчихнэ... ингээд л ургуулан бодоод байвал хайр дурлалаас бусдад математик загваруудыг өргөтгөх байдлаар ашиглаж болох л байх л даа. Энэ ч маний мэдлэгээс хэтэрсэн асуудал байх...

Цааш ургуулан бодох боломжийг нь танд үлдээе дээ...

0 Сэтгэгдэл: